Thursday, May 10, 2007

Хөл бөмбөгийн хөгжилтэй агшин...

Энэ удаад хөл бөмбөгийн хөгжилтэй агшинг та бүхэнд хүргэж байна. Одууд хүртэл худлаа баашлахыг үзүүлж өгөх юм даа. Надад их хөгжилтэй санагдлаа. Юуны өмнө Youtube гэдэг дүүдээ баярлалаа. ;-)
Нэгдүгээр хэсэг:


Хоёрдугаар хэсэг:

Open Beer Party 2007-5

Сар бүр уламжлал болгон зохиогддог Unix Beer Party маань нэрээ солиод тун удаагүй байгаа билээ. Энэ уулзалт маань анх 2006 оны 1 -р сард анх зохиогдож байсан бөгөөд гол зорилго нь юникс төрлийн систем сонирхон ашигладаг, сонирхон судалдаг хүмүүсийг цуглуулж хоорондоо танилцах, туршлага солилцох мөн зарим нэг тодорхой сэдэв гарган хоорондоо ярилцан асуудлыг шийдэх явдал байдаг юм. Энэ уулзалт маань Монголын Юникс Хэрэглэгчдийн холбооноос анх зохиогдсон бөгөөд миний бие ганц удаа өнжсөнийг эс тооцвол бараг бүх уулзалтанд оролцсон гэж болно. Миний хувьд энэ уулзалтаас олж авсан зүйл гэвэл мэргэжил нэгт нөхөдтэй танилцан өөрт тохиолдсон IT -н талын зарим нэг бэрхшээлийг санал хуваалцан өмнөхөө бодвол арай илүү хурдтайгаар даван гардаг болсон явдал гэж би боддог. Энэ оны 5 -р сарын уулзалт маань 2007-05-9 -ний өдөр зохиогдлоо. Уулзалт маань өдөр ирэх бүр хүрээгээ тэлсээр одоо нэлээд олуулаа цугладаг болжээ. Энэ удаад Дөлмандах (Limnux.org), Баянмөнх(ЭМШУИС) оюутнуудын хамт, Магсаржав (ХМТС)оюутнуудын хамт, Гандэмбэрэл (МУИС), Мөнхжаргал (МТА), Номин (ИНЕГ), Тэнгис, Эрдэнэ зэрэг хүмүүс хүрэлцэн ирлээ. Уулзалтын гол сэдэв нь 2 дахь удаагаа зохиогдох гэж буй Linux Install Festival 2007 арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг зөвлөн ярилцах байлаа. Хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гарган эхний ээлжинд ICT EXPO-2007 үзэсгэлэнд оролцон сурталчилгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн тухайн өдрүүдэд зогсох хүмүүс хийх ажлаа хуваарилан авлаа. Үүний дараагаар чөлөөт ярилцлага эхэлсэн бөгөөд яриагүй юм бараг байхгүй ээ. Эрдэмбилэгийн хэлдэгээр бичих ч юм биш. Хэ хэ хэ. Уулзалтын талаар Баянмөнх маань өөрийн блог дээрээ бичсэн байсан. Энэ удаагийн уулзалт маань сайхан болж өндөрлөлөө.

Sunday, May 06, 2007

SuSE линукс суулгах гарын авлага

Энэ удаад та бүхэнд SuSE Linux суулгах гарын авлагыг танилцуулж байна. Novell компани opensuse төслийнхөө 10.2 хувилбар гарсан болохыг 2006.12.7 -нд зарласан билээ. Энэ сүүлийн хувилбар нь өмнөх гарсан хувилбараас ердөө 7 сарийн дараа гарч байгаагаараа онцлогтой юм. Ингэснээр хөгжүүлэгчид 1 жилийн дотор 2 (10.1 ба 10.2) хувилбар бүтээжээ. Энэ бол бусад төрлийн системүүдийн хөгжүүлэлтийг бодоход харьцануй хурдтай гарсан гэж хэлж болохоор байгаа юм.

Энэхүү хувилбарт хөгжүүлэгчид kernel-2.6.18.2 , дэглгэцийн орчинд - KDE 3.5.5 ба GNOME 2.16.1 зэргийг багтаажээ.

Та opensuse 10.2 -г сервер байдлаар хэрэглэх гэж буй бол Apache 2.2.3 вэб сервер , MediaWiki 1.8.2 хувилбарууд

Хэрэв та хувийн хэрэглээнд ашиглах бол Beagle 0.2.12 десктоп хайлтын програм, Evolution 2.8.2 , Firefox 2.0, KOffice 1.6, OpenOffice 2.0.4, ба Thunderbird 1.5.0.4

Хөгжүүлэгчдэд gcc болон түүний нөхөд , Eclipse 3.2.1 IDE , gtk 2.10.1 GUI toolkit, ба дээд түвшний хэлүүдийг бэлдсэн байна. Тухайлбал : Mono 1.1.18, Python 2.5, ба PHP 5.2 гэх мэт.
Энэ нь тийм ч мэргэжлийн түвшний гарын авлага биш бөгөөд энгийн хэрэглэгчид дагаж хийгээд бараг суулгаж болох болов уу. Ер нь сүүлийн үед линукс төст үйлдлийн системүүд харьцангуй desktop тал руугаа шилжиж байгаа бөгөөд энэ тал дээрээ нэлээд амжилттай хөгжиж байгаа юм. Хэрэв танд энэхүү гарын авлагын талаар санал шүүмж байвал би дуртайяа хүлээн авахад бэлэн байна.
Гарын авлага

Wednesday, May 02, 2007

Аваргуудын лигийн эргэн тойронд

Би хөлбөмбөгийн талаар бичихгүй байж ёстой чадахгүй нь. Энэ миний дуртай спортуудын нэг л дээ. Өөрөө тоглож чадахгүй ч үзэх дуртай гэж жигтэйхэн. Сүүлийн хэдэн жил намайг ч ажлын хажуугаар овоо олон шөнө нойргүй хонуулж байгаа нөхөр байгаа юм даа. Одоо цаг 01:30 AM болж байна. Цаг гарангийн дараа Аваргуудын лигт хүч үзэж буй AC Milan(Italy) vs Manchester United(England) багуудын тоглолт эхлэх гэж байна. Өмнөх тоглолтон дээр ManU өөрийн талбай дээрээ AC Milan -г (3:2) харьцаагаар буулган аваад байгаа юм. Ер нь багуудын тоглолтыг харж байхад өөрийн талбай дээрээ илүү тоглодог нь ажиглагддаг юм. Арга ч үгүй биз дээ стадион , хөгжөөн дэмжигч нар гээд л... Энэ шөнийн тоглолт ч халуухан юм болно доо. Энэ тоглолтыг W.Rooney ба Kaka -ийн хоорондох тулаан гэж би хэлмээр байна. Улаан чөтгөрүүдээ хараад л суучихна даа. Би нуулгүй хэлэхэд Английн багуудыг дэмждэг юм. Тоглолтуудыг нь үзэхэд ч урамтай шүү. Даанч яг Английн шигшээ багынхан гэж бүгд одууд мөртлөө нийлээд тоглохоор нь нөгөө хөл бөмбөгийн бурхан нь нисээд явчихдаг юм. Ямар ч байсан Manchester фанатуудынхаа итгэлийг алдахгүй биз ээ. ;)
Өчигдөр Chelsea vs Liverpool тоглоод , ямар ч байсан шигшээ тоглолтонд Liverpool үлдэж чадлаа. Хэдийгээр Liverpool айлын талбай дээр (1:0) харьцаагаар хожигдсон ч нутаг дээрээ яаж тоглодогоо харуулж чадлаа. Өчигдрийн тоглолтын гол баатраар Liverpool -н хаалгач Pepe Reina тодруулсан гэхэд маргах хүн гарахгүй болов уу. Тоглолтын үндсэн цаг (0:1) -н харьцаагаар Liverpool -н хожлоор өндөрлөсөн бөгөөд дараагийн шатанд шалгарах багийг 11 метрийн торгуулын цохилтоор тодруулсан юм. Ингээд (1:4 p) харьцаагаар Liverpool шалгарлаа. Дажгүй шүү болж байна. Би ер нь Chelsea-г дэмждэггүй юм. Нэг мөнгөтэй гар гарч ирээд баахан шилдэг тоглогч нарыг багтаа цуглуулчихсан. Дэмждэг багуудаас маань олон ч хүнийг Chelsea -дээ авсан даа. Миний эргэн тойрны найзуудын ярьж байгаа нь Chelsea л гэх юм. Би ер нь давуу хүчтэй талыг хэт дөвийлгөн дэмжихийг бодит байдал төдийлөн саашаадаггүй юм. Тэгээд л ингэдэг байх. Харин манай ах Arsenal -н улаан фен. Даанч энэ жил Arsenal ямар ч цом байхгүй хомоол хамаад таарлаа даа. Ирэх жил хол байна даа хол байна. За лаг спортын тайлбарлагч шиг баахан бурчихлаа. Бичээд байвал бичээд л байх юм шиг байна. Хэ хэ хэ. Гэхдээ л миний бодол. Дараа хэдүүлээ сайхан хөл бөмбөг яринаа.
Харин финалын тоглолтонд Liverpool -н эсрэг хэн нь үлдэх бол?

Өмнөх үг

Би вэбийн нууцлаг байдал болон хамгаалалтын талаар саяхнаас оролдож , судалж эхэлж байгаа юм. Тэгээд уншиж судалсан өчүүхэн зүйлээсээ миний блогоор зочлогч таньтай хуваалцахаар шийдэн энэ удаад өмнөх үг маягийн зүйлийг бичиж байна.

Өмнөх үг
Өдөр ирэх тусам л техник технологийн ололт амжилт хурдацтайгаар хөгжиж байна. Шинжлэх ухааны судалгаа , ололт амжилтууд , техникийн үсрэнгүй хөгжил , хүн амын тоо , даяаршил ... Тийм ээ , дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад бидний амьдарч буй ертөнц , амьдралын хэв маяг , хүмүүсийн харилцаа , хэрэглээ гээд олон зүйлс өөрчлөгджээ. Энэ дундаас би мэдээллийн технологийн , тэр дундаа интернэт хөгжлийг онцлон авч үзэх гэсэн юм. Зарим хүмүүс үүнийг мартсан байж болох юм. Бүгдээрээ жаахан түүх сөхөцгөөе ...
Ингэхэд хамгийн анхны тооцоолох процессор юу байсан юм бэ? Үүн дээр хүмүүс Electronic Numerical Integrator and Computer (ENIAC 1946) гэх хүн олон байх л даа. Тийм ээ энэ үнэн. Энэ яах аргагүй анхны электрон компьютер мөн. Харин түүх уншаад явж байтал маш эртний мэдээлэл боловсруулагч төхөөрөмжийн нэг нь бидний одоо ч хэрэглэсээр байгаа сампин –г нэрлэсэн байсан юм. Сонирхолтой байгаа биз?
Бидний амьдарч байгаа энэ зууныг мэдээллийн эрин зуун гэж нэрлэсэн нь үнэхээр зөв өгсөн нэр гэж би боддог. Сансрын хөлөг , хиймэл дагуул , холбоо харилцаа , гар утас , интернэт энэ бүгд хүн төрөлхтөний оршин байх салшгүй нэг хэсэг хэдийн болжээ.
Аливаа зүйлийн хөгжил дэвшил үр ашиг ба сайн сайхныг авчрах боловч түүний хажуугаар сөрөг нөлөөгөө ч бас гээлгүй ирдэг нь зүй тогтол юм. Өнөөдөр банк санхүү , худалдаа , аливаа бизнесийн байгууллагууд мэдээллийн технологийн ололтыг дотоод үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлснээр харилцагч болон хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэх боломжтой болсон. Гэтэл үүнийг дагаад кибер гэмт хэргийн нөхцөл байдал ч нэмэгдэж байна. Магадгүй та ч үүнд өртсөн байж болох юм.
Дэлхий дахинд кибер гэмт хэргийн олон төрөл байгаа бөгөөд үүний дундаас хамгийн өндөр хувийг эзэлдэг вэбээр дамжин халдах аргуудыг онцлон үзэж байна.
Яагаад энэ хэргүүд гараад байна?
Бид үүнтэй хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ? гэх мэтээр түмэн асуулт биднийг даржээ. Хамтдаа эдгээр зарим нэгэн гайтай асуултын хариуг эрэлхийлцгээе!
(Үргэлжлэл бий...)