Sunday, July 29, 2007

Азийн аваргын цомыг Ирак хүртлээ.


Азийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн цомын тэмцээн өнөөдөр (2007.07.29) өндөрлөлөө. Сая аваргын төлөөх тоглолтыг үзчихээд энэ бичлэгийг бичиж байна. Энэ удаагийн тэмцээн Индонез , Малайз , Тайланд , Вьетнам гэсэн 4 улсад зохиогдсон юм. Би ч хэсгийн тоглолтуудыг хальт мөлт үзсэн бөгөөд сүүлд 1/8 хойш л сайн сууж үзлээ. Юуны өмнө уг тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ТВ5 телевизийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
Энэ удаад медалийн төлөөх тоглолтын дүнг танилцуулахаар шийдлээ.
Хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн зүүн азийн багууд болох Япон ба Солонгосын багуудын хооронд боллоо. Гэвч сүүлийн зохиогдсон 2 удаагийн тэмцээнд аваргалаад байсан Японы баг энэ удаа медальгүй нутгийн зүг мордлоо. Энэ жил Японы баг үнэндээ азгүй бас муу тоглолоо. Тоглолтын 56 дахь минутанд Солонгосын багийн тоглогч бохир тоглолт гаргасны улмаас 2 дахь шар картаа авч талбайгаас хөөгдлөө. Гэвч Япончууд 10 хүний эсрэг үндсэн цагийн 40 минут түүн дээр нэмэлт цагийн 30 минут нийтдээ бүхэл бүтэн цаг гаран тоглоод Гоол оруулж чадсангүй. Харин ч Солонгосчууд хүн дутуу хэдий ч хэд хэдэн удаа эсрэг багаа сандаргаад авч байлаа. Тоглолтын нэмэлт цагт багууд хэн хэнийхээ хаалганд бөмбөг оруулж чадаагүй тул эцсийн ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор тодрууллаа. Ингээд 6:5 харьцаагаар Солонгосчууд хүрэл медалийг гардан авлаа.
Аваргын цомын төлөөх тоглолт
Энэ тоглолт Саудын Араб болон Иракийн хооронд боллоо. Эдгээр улсууд нь хөрш залгаа улсууд бөгөөд хоорондоо ахан дүүс гэж хүндлэлцдэг юм байна лээ. Энэхүү 2 багууд аваргын төлөөх тоглолт хүртэл нэг ч хожигдолгүй ирсэн бөгөөд зүүн азийн Япон , Солонгос гэсэн хүчтэй багуудыг буулган авч чадсан юм. Бямба гарагт болсон хүрэл медалийн тоглолтыг бодвол илүү сонирхолтой тоглолт боллоо гэж би бодож байна. Үнэхээр хурдтай хүчтэй довтолгоо , эгзэгтэй агшинууд өөр зүйл анхаарах боломж олгохгүй байсан шүү. Тоглолтын 73 дахь минутад Иракийн багийн ахлагч Younes Mahmud булангийн цохилтыг толгойгоороо мөргөж эсрэг багийн хаалганд оруулснаар түүхэндээ анх удаа Азийн цомыг эх нутагтаа авчрах боломжийг нээж өглөө. Тоглолт (1:0) харьцаагаар өндөрлөж Иракчууд аваргын цомыг гардан авлаа. Тоглолтын талаар товчхон танилцуулахад ийм байна.

Бид сүүлийн хэдэн жил Ирак л гэхээр цус урсгасан дайн байлдаан , бөмбөг дэлбэрэлт , террорист халдлага болдог газар гэж шууд санаанд ордог болоод байгаа билээ. Гэвч тэд бүгдээрээ муу хүмүүс биш , тэнд энгийн номхон ард иргэд , дайныг эсэргүүцэгчид , энгийн тайван амьдралыг хүссэн бидэнтэй л адил хүмүүс бий. Спорт гэдэг үнэхээр агуу зүйл. Спорт нь арьсны өнгө, шашин шүтлэг, баян ядуу улс байна уу гэдгийг ялгахгүй тэгш эрх олгодогийг энэхүү тэмцээн батлаад өгч байгаа юм шиг надад санагдлаа. Хэдий эх оронд нь дайн байлдаан болж тогтворгүй байгаа хэдий ч Иракийн 23 тоглогч сэтгэл санааны хүнд нөхцөл , хүчтэй өрсөлдөгч нараа ялан дийлж энэ удаа аваргын цомыг гардан авлаа. Тоглолтын дундуур тайлбарлагч Иракын зарим тоглогчид энэ дайны шуурганд ар гэрээ алдсан хүмүүс байгааг дурьдаж байлаа. Ийм сэтгэл санааны хүнд нөхцөлд тамирчдаас амжилт гарна гэдэг хэцүү ч тэд энх тайвны төлөө энэ бүгдийг хийсэн юм шиг сэтгэгдэл надад төрж байлаа. Иракийн талаар нэг ч гэсэн таатай мэдээ хүргэж байгаадаа сэтгэл хангалуун байна. :-)
Биеийн тамир мандтугай!
Хүж дэлхий амгалан байг!

3 comments:

Uunee said...

Спорт гэдэг үнэхээр агуу шүү.

eeggyy said...

хөөрхий амьтад. ядаж 1 удаа ч гэсэн сайн юм сонсог доо.

Nuunee said...

Би дээр Иракийн шигшээ баг Бразил дасгалжуулагчтай байсныг нь дурьдахаа мартжээ. :)